Нийтлэлүүд

Centella Asiatica CICA

Админ2025 оны 02 сарын 24

Ази тивээс үүсэл гаралтай ургамал бөгөөд хоол хүнс, эмчилгээ болон арьс арчилгаанд түгээмлээр ашиглагддаг билээ. Энэхүү ургамал нь терпеноид (terpenoid) төрлийн молекулуудыг ихээр агуулдаг юм. Агуулагддаг хамгийн гол 4 терпеноидууд: азиатийн хүчил (asiatic acid), мадекасийн хүчил (madecassic acid), азиатикосид (asiaticoside), мадекасосид (madecassoside). Терпеноид молекулуудаас гадна *антиоксидант болон *хюмектант үйлчилгээтэй бодисуудыг агуулдаг.


Арьсанд үзүүлэх үйлчилгээ:  

  • *коллагены үйлдвэрлэлийг хурдасгаж нүдний хажуу тал дахь үрчлээсийг багасгана
  • арьсыг нөхөн төлжүүлж шарх эдгээх бөгөөд арьсыг бэхжүүлнэ
  • бактерийн эсрэг үйлчилгээтэй
  • хялгасан судас бэхжүүлнэ
  • *чөлөөт радикалтай тэмцэнэ
  • нөсөө толбо үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой
  • үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьсыг тайвшруулах хүчтэй нөлөөтэй 

Ямар арьсанд тохирох вэ?:

Ямар ч төрлийн арьстай, арьсны асуудалтай байсан cica тэдгээр асуудлыг шийдэх боломжтой. Ихэнх тохиолдолд cica нь эмзэгшиж цочирдсон арьсыг тайвшруулах, нөхөн сэргээх үйлчилгээгээр хэрэглэгддэг байна. Цочирч эмзэгшсэн арьс гэж эмзэг мэдрэмтгий арьс ба батгатай арьсыг хэлнэ. Мөн хөгшрөлтийн улмаас доройтож буй бүх төрлийн арьсанд нэн ач тустай.

*Антиоксидант (antioxidant)

Чөлөөт радикалтай (free radicals) тэмцэх үйлчилгээг эсвэл чөлөөт радикалтай тэмцэх үйлчилгээтэй молекулыг хэлнэ.

*Хюмектант (humectant)

Агаараас чийгшлийг татаж эсвэл арьсны гүнээс ууршин гадагшлах гэж буй чийгшлийг арьсны дээд давхаргад хуримтлуулж улмаар тухайн давхаргыг чийгшүүлж арьсны чийгшлийг хадгалах чадварыг хэлнэ.

*Коллаген (collagen)

Хүний биед хамгийн ихээр байдаг уураг билээ. Коллаген нь арьсны дунд давхарга болох жинхэнэ арьсны давхаргад (dermis) байдаг бөгөөд арьсыг чанга байлгаж унжихаас нь сэргийлдэг. Гэхдээ нас ахих тусам коллагены хэмжээ багасдаг тул арьс улмаар унжиж үрчлээтэж хөгширдөг байгаа. 

*Чөлөөт радикал (free radicals)

Эсийн бодисын солилцооны үеэр үүсдэг тогтворгүй молекул бөгөөд ДНХ (DNA), липид тосон молекул (lipid), уураг (protein) гэх мэт эд эсийн молекулуудыг гэмтээх чадвартай. Нас ахих тусам биеийн чөлөөт радикалтай тэмцэх чадвар нь доройтдог тул элдвийн өвчин эмгэг үүсэх нь өндөр боломжтой болохын сацуу хөгшрөлтийн процесс хурдасдаг. Улмаар арьс хөгширч үрчлээс, нөсөө ихээр үүсдэг. Чөлөөт радикал нь эсийн бодисын солилцооны үеэр үүсэж бий болохоос гадна нарны хорт туяа болон бусад гаднын хүчин нөлөөнөөс (эрүүл бус хооллолт, тамхи, стресс, агаарын бохирдол гэх мэт) болж үүсэх боломжтой.

Бусадтай хуваалцах